Эмэгтэй хүнд цэцэг бэлэглэнэ гэдэг сайхан зүйл ч гэлээ тэдний сэтгэлд нийцсэн цэцгийг сонгох тийм ч хялбар биш. Хайртай ээждээ, эхнэртээ, охиндоо, эгчдээ, хэн хэнд ямар цэцэг, хэдэн ширхэгийг, хэрхэн боолгох вэ гэдгээ шийдэх гэж эрчүүд маань нэлээн төөрөлддөг нь гарцаагүй. Тэгвэл таньд цэцэг сонгоход тань туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Юун түрүүнд та цэцэг өгөх гэж байгаа эмэгтэйтэй ямар харилцаатай, тэр эмэгтэй ямар ааш зантай вэ гэдгийг нь бодолцож үзэх хэрэгтэй. Тэр адал явдалд дуртай юу, романтик бүсгүй юу, байгальд хайртай эко бүсгүй юу зэргийг нь харж байгаад сонголтоо хийх нь тохиромжтой.
Эхнэртээ эсвэл урт хугацаагаар дотно харилцаатай байгаа бүсгүйд
Улаан сарнай нь хайр дурлалыг илэрхийлдэг бөгөөд дур булаам, чамин, сонгодог цэцэг учраас хайртай бүсгүйдээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой. Хэрэв та найз бүсгүйдээ, эхнэртээ байнга улаан сарнай өгдөг бол та өөр сонголт хийж болох л юм.
Тэгвэл сарнайнхаа өнгийг өөрчилж болно. Эсвэл улаан өнгийн алтан зул цэцэг ч муугүй сонголт шүү. Улаан алтан зулын голын хэсэг нь хүсэл тачаалыг харин цэцэгний улаан өнгө нь хайр дурлалыг билэгддэг аж .
Хайртай бүсгүйдээ өгөх цэцгийн баглаандаа сарнай, алтан зул цэцгээ өөр цэцэгнүүдтэй хамт боож бас болно шүү. Жишээлбэл, гэсэрт цэцэг/aster/ нь ч мөн адил хайр дурлалын цэцэгт тооцогддог.
Эдгээрээс гадна Ягаан Перу лили /alstroemeria/ үнэнч байдлыг илэрхийлдэг бол ягаан холимог лили /stargazer/ аз жаргалын билэгддэг байна. Мөн цээнэ цэцэг гал халуун романтик байдал, аз, аз жаргалыг илэрхийлдэг учир амраг хайртай бэлэглэхэд хамгийн зөв сонголт байх болно.
Таалагддаг бүсгүйдээ
Хөх ягаан сарнай эсвэл хөх ягаан голт бор цэцэг /lilac/ нь дурлал, шохоорхлыг илэрхийлдэг.
Цэцгийн баглаагаа улаан сарнайтай хольж авбал таны баглаа тун ч сайхан харагдана. Улбар шар өнгө дур хүслийг илэрхийлдэг учир улбар шар, тоорын ягаан, цагаан өнгийн сарнайг хамтад нь нэг баглаа болгох нь гоёмсог харагдана.
Мөн “диваажингийн шувуу” /bird of paradise/ гэх шовх үзүүртэй цэцгийн баглаа ч Валентины баяраар өгөх онцгой бэлгэнд тооцогдоно. Энэхүү цэцгийг гэртээ тавихад ч тохиромжтой байдаг.
Цахирмаа нь мөн л гоёмсог сайхан цэцгэнд тооцогдох бөгөөд хэрвээ та дурласан бүсгүйдээ бэлэглэвэл түүнийг онцгой нэгэн гэдгийг нь мэдрүүлнэ.
Эмэгтэй найз, хамт ажилладаг бүсгүйдээ
Шар өнгийн сарнай, алтан зул цэцэг нь баяр баясал, аз жаргалыг бэлгэддэг бөгөөд халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Наран цэцэг ч мөн адил баяр хөөрийг мэдрүүлдэг.
Хонин нүдэн цэцэг нь нөхөрлөлийг билэгддэг тул найздаа өгөхөд тохиромжтой. Мэдээж цэцгийн баглаан дээрээ “тусалсанд баярлалаа”, “чи бол гайхалтай найз минь” гэсэн ил захидлаа бичиж өгөх хэрэгтэй.
Зөвхөн найздаа өгөхөөс гадна анхны болзоон дээр ч шар өнгийн сарнай, шар алтан зул, наран цэцэг, хонин нүдэн цэцэг зэргийг өгч болно. Мэдээж ил захидал нь “уулзсандаа баяртай байна”,”чамтай уулзахыг тэсэн ядан хүлээлээ” гэсэн байвал бас л сайхан санагдана шүү дээ.
Ээждээ эсвэл эмэгтэй хамаатандаа
Ээждээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол ягаан лиш цэцгийг санал болгож байна. Лиш цэцэг нь эхийн хайрыг илэрхийлдэг. Мөн ягаан сарнай нь баяр бахдал, гайхал бишрэлийг билэгддэг. Хэрэв та лиш цэцгээр баглаа хийх гэж байгаа бол цагаан өнгийн цэцэгтэй хослуулвал гоёмсог харагдана.
Таны эмээ, эгч дүү, охид тань бүгд л гоёмсог цэцгийн баглаанд дуртай учир та цэцэг сонгохдоо дээрх зүйлсийг мэдэж байхад сонголт хийх гэж төөрөлдөх шаардлаггүй болно.